Эко клубүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, 69 сургуульд шинээр байгууллаа
Нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжсэн арга хэмжээний үр дүнд ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубийн үйл ажиллагаа идэвхжиж, сурагчдын оролцоо бодитоор нэмэгдлээ.
Хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын 157, хувийн 136 буюу нийт 293 сургуулиас өмнө 110 сургуулийн Эко клуб тогтмол үйл ажиллагаатай байсан бол:
- 69 сургуульд Эко клуб шинээр байгуулж,
- Багануур, Налайх, Чингэлтэй, Багахангай дүүргүүдэд гишүүнчлэлийг өргөжүүлэн идэвхжүүлж,
- Нийт 13,983 сурагчийг хамруулсан сургалт, өдөрлөг, мод тарих хөдөлгөөн, тэмцээн, контент бэлтгэл зэрэг 51 арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд дүүргийн боловсролын хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд, сургуулийн нийгмийн ажилтнууд, биологийн багш нар идэвхтэй оролцсон нь үр дүнд онцгой ахиц авчирсан юм.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад 245 сурагч хамрагдав
Тус албанаас нэмэлтээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, экологийн боловсрол олгох зорилготой тусгайлсан сургалтыг дараах сургуулийн 8–10 дугаар ангийн сурагчдад зохион байгууллаа. Үүнд:
- Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар сургуулиуд
- Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 28 дугаар сургууль
Нийт 245 хүүхэд тус сургалтад хамрагдаж, байгаль хамгааллын талаарх мэдлэг, эрх зүйн ойлголтоо нэмэгдүүлэв.
Цаашдын зорилт: Тогтвортой Эко клуб – Өргөн оролцоо
Эко клубийн үйл ажиллагаа тогтмол үргэлжлэхэд багш, нийгмийн ажилтны оролцоо, сурагчдын идэвх, зохион байгуулалтын хүчин зүйлс ихээхэн нөлөөлдөг. Цар тахлын үеийн хүндрэл, санхүүжилт, хүний нөөцийн асуудлуудаас шалтгаалан зарим клубийн үйл ажиллагаа саарсан байсан тул цаашид:
- Эко клубийн тогтолцоог бэхжүүлэх,
- Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх уралдаан, төсөл, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх,
- Дүүрэг, бүсийн хэмжээнд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах,
- Эко клубүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, хяналтын тогтолцоо бий болгох,
- Орон нутгийн хэмжээнд шинэ Эко клубүүд байгуулах
зорилтыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Ханнс-Зайделийн сантай хамтын ажиллагаа: Байгаль хамгаалах боловсролыг түгээнэ.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол дахь Ханнс-Зайделийн сангийн санхүүгийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлж, хүүхэд, залуучуудад экологийн мэдлэг, байгаль хамгаалах үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлыг үргэлжлүүлэхээр байна.