Олон улсын бага хурал
Хельсинкийн Төгсгөлийн Актын 50 жилийн ой: Европын туршлага ба Азийн ирээдүй
Бага хурлын зорилго
1975 онд батлагдсан Хельсинкийн Төгсгөлийн Актын түүхэн ач холбогдлыг үнэлж дүгнэхийн зэрэгцээ түүнээс авах сургамж, туршлагыг Азийн өнөөгийн аюулгүй байдлын бодлого, архитектур болон Азийн орнуудад тулгарч буй хамтын ажиллагааны сорилтуудад хэрхэн хэрэгжүүлж болох талаар хэлэлцэхэд тус бага хурлын зорилго чиглэлээ.
Олон улсын өндөр түвшний судлаач, эрдэмтэд оролцов
Хоёр өдрийн турш үргэлжилсэн бага хуралд Европ, Япон, Монголын бүс нутаг, аюулгүй байдлын чиглэлийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачид болон дипломатууд оролцов. Дараах нэр бүхий эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
- проф. Ёко Ивама (GRIPS, Токио),
- проф. Нобумаса Акияма (Хитоцубаши их сургууль),
- проф. Кэн Жимбо (Кэйо их сургууль),
- доктор Барт Гаэнс (Финляндын Олон улсын харилцааны хүрээлэн),
- Элчин сайд асан Пит Хельтманн (Герман),
- Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачид,
- Ханнс-Зайделийн сангийн Монгол болон БНХАУ дахь суурин төлөөлөгчид оролцлоо.
Илтгэл болон хэлэлцүүлгийн сэдвүүд
Бага хурал хэд хэдэн сэдэвчилсэн салбар хуралдаанаас бүрдэж, дараах асуудлуудыг хэлэлцэв:
- Хельсинкийн Төгсгөлийн Акт батлагдсан түүхэн учир шалтгаан, түүний түүхэн нөлөө,
- Зэвсэглэлийг хянах болон итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ,
- Хоёр Германы хуваагдал ба Солонгосын хойгийн ижил төстэй байдал,
- Аюулгүй байдлын хамтын ажиллагаанд АСЕАН-ы үүрэг,
- Азийн эрх зүйт ёс ба хөгжил,
- Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлого болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ/OSCE) гишүүнээр элсэх боломж.
Хельсинкид өрнөсөн үйл явдал, түүнээс авах үлгэр жишээ, туршлага нь Төгсгөлийн акт батлагдсанаас хойш тавин жилийн дараа ч Ази тивийн хувьд үнэтэй сургамж өгч чадахыг энэхүү арга хэмжээ харуулав. Геополитикийн хурцадмал нөхцөл байдалд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, эрх зүйт ёсны зарчмууд бүс нутгийн тогтвортой байдалд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцүүлгийн үеэр голлон хөндөв.
Стратеги судалгааны хүрээлэн, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төсөл болон Япон, ХБНГУ-ын судлаачдын хамтарсан энэхүү бага хурал энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх олон улсын харилцан ойлголцлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулсан үйл явдал байв.