Print logo
Jump to main navigation Jump to content

RCOY 2026
From LCOY to COP17 and RCOY Central Asia 2026

Ханнс Зайделийн Сан (ХЗС)-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монголын залуучуудын уур амьсгалын үйл хэрэг дэх бодит оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах цогц үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж байна. ХЗС нь Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын үндэсний чуулган буюу Залуучуудын орон нутгийн хурал (LCOY)-ийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн залуучууд уур амьсгалын тулгамдсан асуудлаар үзэл бодлоо хуваалцаж, мэдлэгээ гүнзгийрүүлсэн юм.

Үүнээс шалгарсан оролцогчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан COP17 (Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал)-д оролцож, залуучуудын манлайлсан үйл ажиллагаа, дагалдах хурал болон дотоод, гадаадын талуудтай хийсэн хэлэлцүүлгүүдэд хувь нэмрээ оролцуулсан билээ.

Энэхүү үйл явцын үргэлжлэл болгон, LCOY болон COP17 хуралд идэвхтэй оролцсон залуу манлайлагчдын нэг болох П.Оюундалай нь 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан Төв Азийн Залуучуудын бүсийн бага хурал (RCOY Central Asia 2026)-д Монгол улсыг төлөөлөн оролцохоор шалгарсан юм. Уг бүсийн хуралд Оюундалай нь Монголын Байгаль Орчны Залуучуудын Үндэсний Зөвлөл-ийг төлөөлж, хамтран зохион байгуулагч болон Бүсийн зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллалаа. 

Тэрээр бүс нутгийн зөвлөлдөх уулзалтууд, техникийн болон сурталчилгааны хуралдаануудад оролцож, Бүсийн залуучуудын тунхаг бичгийг боловсруулах, танилцуулах ажилд хувь нэмрээ оруулсан байна. Үндэсний хэмжээнд чадавх бэхжүүлэх, COP17-д оролцохоос эхлээд RCOY-д бүс нутгийн түвшинд төлөөлөх хүртэлх энэхүү шаталсан дэмжлэг нь Монголын уур амьсгалын залуу удирдагчдад ур чадвараа ахиулах, дуу хоолойгоо хүргэх, бүс нутгийн урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо.