Print logo
Jump to main navigation Jump to content

Мэргэжлийн уулзалт
Өсвөр үеийн гэмт хэрэг, нийгэмшүүлэлт болон сэтгэл зүйн дэмжлэгийн асуудлаарх туршлага солилцлоо

Ханнс-Зайделийн сан Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх алба болон Кристина Ноблийн Хүүхдийн сантай хамтран хорих байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд өсвөр үеийн гэмт хэргийн шалтгаан, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга барил, нийгэмшүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.

Уулзалтын үеэр оролцогчид өсвөр үеийн гэмт хэргийн шалтгаан, гэмт зан үйлд нөлөөлдөг сэтгэл зүйн болон нийгмийн хүчин зүйлсийн талаар санал солилцлоо. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгчдийг нийгэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын туршлага, сайн жишээнүүдийг танилцуулж, хэлэлцэв. Ялангуяа ял эдэлж дууссаны дараа нийгэмд амжилттай дасан зохицох, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдэд онцгой анхаарал хандуулсан юм.

Мөн өсвөр насныхан болон залуучуудад үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг, ялангуяа сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд донтсон хүмүүстэй ажиллах арга барилын талаар хэлэлцлээ. Оролцогчид сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх төрөл бүрийн арга зүй болон тэдгээрийг хорих байгууллагын орчинд хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Үүний зэрэгцээ Герман улсын туршлага болон энэ чиглэлийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулсан юм.

Тус уулзалт нь оролцогчдод харилцан туршлага солилцох, шинэ мэдлэг, арга барилтай танилцах, мөн өсвөр насны болон залуу насны гэмт хэрэг үйлдэгчидтэй ажиллах үр дүнтэй шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэх боломжийг олголоо. Хэлэлцүүлгийн үр дүн нь сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг нь залуучуудын нийгэмших үйл явцад чухал үүрэгтэй болохыг дахин нотолсон юм.