Print logo
Jump to main navigation Jump to content

Тогтвортой хөгжлийн 7 хоног
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

2026 оны 10 дугаар сарын 18–23-ны өдрүүдэд БНСУ-ын Инчон хотноо тогтвортой хөгжлийн долоо хоног болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (UNESCAP) бүс нутгийн чуулга уулзалтууд зохион байгуулагдлаа.

Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Зүүн хойд Азийн залуучуудын уур амьсгалын зөвлөлийн (NEAYCC) гишүүн Э.Солонго UNESCAP-ийн чуулга уулзалтад оролцлоо.

Чуулга уулзалтуудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, ногоон шилжилт, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, иргэний нийгэм болон залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд санал солилцлоо.

Чуулга уулзалтын үеэр Э.Солонго Монгол, БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн бүс нутгийн иргэний нийгмийн хамтарсан мэдэгдлийг танилцууллаа. Тус мэдэгдэлд хүртээмжтэй боловсрол, шударга ногоон болон дижитал шилжилт, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, бодлого боловсруулах үйл явц дахь иргэний нийгмийн оролцооны ач холбогдлыг онцолсон юм.

Мөн Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр NEAYCC-ийн боловсруулсан уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны боловсролын “Mongolia Climate Adventures”тоглоомыг олон улсын оролцогчдод танилцуулж, тоглуулсан нь тэдний сонирхлыг татаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох нөхцөлийг бүрдүүллээ.

Эдгээр арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн чиглэлээр бүс нутгийн туршлагаас суралцах, Монголын залуучуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, байгаль орчны боловсрол, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж боллоо.