Сургалт
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭВ
“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтад Дорнод аймгийн шүүгч, прокурор, экологийн асуудал хариуцсан мөрдөгч, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, шүүх шинжилгээний байгууллагын алба хаагч зэрэг нийт 20 хүн хамрагдав.
Сургалтаар:
- Ургамлын дээж авах, шинжилгээнд хүргүүлэх
- Амьтны гаралтай эд мөрийн баримттай ажиллах
- Мод, модон материалын дээж авах, хэмжилт хийх
- Хэргийн газрын үзлэг, баримтжуулалт хийх
- Дээжийг савлах, битүүмжлэх, хаяглах, хадгалах, тээвэрлэх
- Байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэх
- Холбогдох хууль тогтоомж, журам болон шүүх шинжилгээний стандартыг хэрэглэх зэрэг асуудлыг онол, практикт хослуулан хэлэлцлээ.
Төлөөлөгчид Хэнтий аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэс, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төв, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэс болон лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн алба хаагчидтай тулгамдаж буй асуудал, туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн Дарьгангын бүсэд ургамлан нөмрөгийн бичиглэл хийх, нэн ховор болон ховор эмийн ургамлыг баримтжуулах, байгалийн болон таримал дэрэвгэр жиргэрүү ургамлын хэмжилт, бичиглэл хийх дадлага ажил зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь төв болон орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, байгаль орчны гэмт хэргийн нотлох баримтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цуглуулах, хохирлыг бодитой тооцох, хэрэг маргааныг үр дүнтэй хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байв.