Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 11 дүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сан, Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн Герман, Европын эрх зүйн төв болон “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төсөл хамтран Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахуудад зориулсан “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-ыг зохион байгууллаа.

Эдгээр сургалт нь оролцогчдын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйг эзэмшүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтын хүрээнд хуулийн төсөл боловсруулагчийн үүрэг, түүнд тавигдах шаардлага, хуульд тавих агуулгын болон техникийн шаардлага, хууль тогтоох үйл ажиллагаанд дизайн сэтгэлгээг ашиглах арга зүй, парламентын хуралдааны дэг, эрх зүйн рецепци, үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага зэрэг өргөн хүрээний сэдвийг авч үзлээ.

Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоолох, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалын талаар онолын болон практик мэдлэг олгов.

Сургалтад хууль зүйн салбарын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид, профессор багш нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон парламентын туршлагатай мэргэжилтнүүд багшилж, өөрсдийн өргөн мэдлэг, мэргэжлийн арвин туршлагаа оролцогчидтой хуваалцан, онолын мэдлэгийг практик дасгал ажилтай хослуулан хүргэлээ.

Оролцогчид сургалтад идэвх санаачилгатай оролцож, багш нартай мэргэжлийн асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн юм.

Сургалтын эхний өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуульд зохион байгуулж, хаалтын арга хэмжээний үеэр Төрийн ордонд оролцогчдод гэрчилгээ гардуулав. Оролцогчид өөрсдийн сэтгэгдэлдээ олон шинэ мэдлэг, арга зүй эзэмшсэнээ онцлон тэмдэглэж, сургалтын агуулга, багш нарын мэргэжлийн ур чадвар болон эзэмшсэн мэдлэгээ цаашдын ажилдаа хэрэглэх ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

Эдгээр сургалт нь судалгаа, нотолгоонд суурилсан хууль тогтоомж боловсруулах арга зүйг төлөвшүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, парламентын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Мэдлэг, туршлагаа хуваалцсан нийт багш нар, идэвхтэй оролцсон суралцагчид болон хамтран зохион байгуулагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.