Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Сургалт зохион байгууллаа

2026 оны 9 дүгээр сарын 26–27-ны өдрүүдэд “Хуулийн төсөл боловсруулах, холбогдох судалгаа хийх аргачлал” сэдэвт хоёр өдрийн танхимын сургалтыг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилт, Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Сургалтыг Герман, Европын эрх зүйн төвийн санаачилгаар зохион байгуулж, хууль тогтоомж боловсруулах үйл явц болон түүнтэй холбоотой судалгаа, үнэлгээ, тооцооллын арга зүйн асуудлуудыг цогцоор нь авч үзсэн.

Сургалтын эхний өдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцоолох, хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал гэсэн үндсэн сэдвүүдээр явагдлаа.

 

Эдгээр сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо (Ph.D.), МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Б.Баасандорж (Ph.D.), МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач Д.Баяр (Dr. jur.) нар хичээл зааж, холбогдох арга зүй, практик асуудлын талаар мэдлэг, туршлагаа хуваалцав.

Хоёр дахь өдөр хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал, мөн хуулийн төсөл боловсруулах аргачлал гэсэн үндсэн сэдвүүдийг авч үзсэн бөгөөд сургалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат (LL.M.), МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Батбаяр (Ph.D.) нар удирдан явууллаа.

Энэхүү хоёр өдрийн сургалт нь хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хуулийн төсөл боловсруулах, түүний үр нөлөө болон хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, хэрэгжилттэй холбоотой зардлыг тооцоолох зэрэг хууль тогтоох үйл ажиллагааны харилцан уялдаатай үе шатуудад хэрэглэгдэх арга зүйн мэдлэгийг системтэйгээр авч үзсэнээрээ онцлог байлаа.

Сургалт нь хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд судалгаа, тооцоо, үнэлгээнд суурилсан арга зүйг хэрэглэх мэргэжлийн мэдлэгийг бэхжүүлэх, практик хэрэглээг дэмжихэд чиглэв.