Print logo
Jump to main navigation Jump to content

Номын нээлт
"Хэрэглээ өндөртэй ургамал, түүхий эдийг таньж тодорхойлох нь" номын нээлт

Шүүх шинжилгээний ерөнхий газар, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Ханнс-Зайделийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан “Хэрэглээ өндөртэй ургамал, түүхий эдийг таньж тодорхойлох нь” гарын авлагыг олон нийтэд танилцууллаа.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн номын нээлтээр хязгаарлагдсангүй. Ургамал болон ургамлын гаралтай түүхий эдийг шинжлэх ухааны үндэслэлтэй таньж тодорхойлох, байгаль орчны эсрэг гэмт хэргийн нотлох баримтыг үнэлэх, шүүх шинжилгээний арга зүйг практикт хэрэглэх асуудлаар эрдэмтэн судлаачид, шинжээчид болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцон, гарын авлагын онцлог, цаашид судлах зүйл, экспертүүдийг бэлтгэх зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

Мөн оролцогчид ургамлын төрөл, зүйлийг тодорхойлох арга зүй, хууль бус бэлтгэл, худалдаатай холбоотой зөрчлийг илрүүлэхэд шүүх шинжилгээний гүйцэтгэх үүрэг, судалгааны үр дүнг сургалт болон өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэхүү гарын авлага нь шинжээчдийн өдөр тутмын ажилд ашиглах практик хэрэглэгдэхүүн болж, байгаль орчны эсрэг гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй илрүүлэх, нотлох, улмаар Монгол Улсын ургамлын нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулна.

Гарын авлагыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зохиогч, редактор, эрдэмтэн судлаачид болон хамтран ажилласан байгууллагууддын албан хаагчдад Талархал илэрхийлье.