Print logo
Jump to main navigation Jump to content

Чадавхжуулахх сургалт
Байгаль орчны эсрэг гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх нь: Хөвсгөл аймагт чадавхи бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Монгол Улсын Шүүхийн шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ) хамтран 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг С.Дорждэрэм Ph.D, Т.Шинэхүү Ph.D нар удирдан явуулж, Хөвсгөл нутгийн байгаль, амьтан, ургамлын онцлогт нийцүүлсэн кэйс, практик жишээнүүдэд тулгуурлан оролцогчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэв. 

Сургалтаар онцолсон гол асуудлууд:

  • Амьтан, мод, ургамлын дээжийг зөв авч бэхжүүлэх, шинжилгээнд хуулийн дагуу хүргүүлэх
  • Дээжийн савлалт, битүүмжлэл, хаяглалт, хадгалалт болон тээвэрлэлтийн стандарт шаардлага
  • Хэргийн газрын үзлэгээр хэмжилт хийх, байршил тогтоох, гэрэл зургаар баримтжуулах арга зүй
  • Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг үнэлэх, шинжээчид тавих асуултыг оновчтой боловсруулах

Эд мөрийн баримт болон дээжийг буруу авах, тээвэрлэх нь шинжилгээний эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг тул нотлох баримттай ажиллах үе шат бүрийн уялдаа холбоо, баримтжуулалтыг сургалтаар онцгойлон анхааруулсан юм.

Cургалтыг удирдсан эрдэмтэд харьцуулсан шинжилгээнд ашиглах дээж, объектыг цуглуулж, шүүхийн шинжилгээний санг баяжуулах ажил чухалыг онцгойлон дурдаж байв. 

Мэргэжлийн өндөр мэдлэг, чанартай нотлох баримт, шинжлэх ухаанд суурилсан дүгнэлт нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг үр дүнтэй шийдвэрлэх, эх дэлхийгээ хамгаалах хамгийн гол хөдөлгөгч хүч юм.