Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Байгууллагын эерэг соёл ба хүүхдэд ээлтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх нь

Хүүхдэд ээлтэй, хүний эрхэд суурилсан шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн эрх зүйн орчин хангалтгүй бөгөөд мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин, эерэг байгууллагын соёл, хүүхдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох мэдлэг, хандлага чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Ханнс-Зайделийн сан болон Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.

Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсад эрх зүйт төрийг бэхжүүлэх, хүний эрхэд суурилсан эрх зүйн орчныг хөгжүүлэх чиглэлээр 30 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Монгол Улсад гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулах бэлтгэл ажил өрнөж буй энэ үед хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй шүүхийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Энэ хүрээнд Ханнс-Зайделийн сан Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хялбаршуулсан эрүү болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан “Эерэг байгууллагын соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтын зорилго нь байгууллагын эерэг соёлын ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхний онцлог хэрэгцээ шаардлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтад ХБНГУ-ын Эрланген-Нюрнбергийн Фридрих-Александрын их сургуулийн профессор, сэтгэл зүйч Марк Штеммлер урилгаар оролцож, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн хөгжлийн онцлог, шүүхийн тогтолцоотой харилцах үед үүсдэг хэрэгцээ шаардлага, хүүхдэд ээлтэй шүүхийн олон улсын туршлагын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хувь хүний хөгжил, ажлын байрны стрессийг даван туулах, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, харилцан хүндэтгэлтэй, дэмжлэг үзүүлдэг ажлын орчныг бүрдүүлэх асуудлаар оролцогчидтой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, сэтгэл зүйч А.Тайванжаргал, Ш.Номин-Эрдэнэ нар илтгэл тавьж, оролцогчидтой үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сургалтын үеэр оролцогчид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хүний эрхэд суурилсан, мэргэжлийн өндөр ёс зүйтэй шүүхийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх арга замын талаар санал солилцов.

Тус сургалт нь хүүхдийн эрх, хамгааллыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зөвхөн хууль эрх зүйн шинэчлэл төдийгүй мэргэжлийн мэдлэг чадвар, зөв хандлага, байгууллагын эерэг соёл чухал болохыг онцлон харууллаа. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг дээдэлсэн шүүхийн тогтолцоог хөгжүүлэхэд ийм төрлийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байна.