Print logo

Ханнс Зайделийн сангийн ээлжит судалгааны тэтгэлэгийн эзэн тодорлоо.

Түвшинжаргалын Цэрэн нь хүрээлэн буй орчин, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах арга замаар байгаль орчинг хамгаалахаар тууштай тэмцэж байгаа залуу төлөөллийн нэг билээ.

Эзэмшсэн боловсрол

Т.Цэрэн нь МУБИС-д Философи, Улс төр судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Нийгмийн ажилтнаар мэргэшсэн.  Одоогоор, Байгаль орчны олон улсын дагнасан хуульч, өмгөөлөгч болох зорилготой Дотоод хэргийн их сургуульд Эрхзүйч мэргэжлээр 3 дугаар курсэд суралцаж байна. 

Түүний Бакалаврын дипломын судалгааны ажил нь “Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд тулгамдаж буй асуудал ” сэдэв байсан бол “Нутгийн удирдлагын байгууллагын эрхзүйн зарим зохицуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдвээр судалгааны ажил хийн магистрын зэргээ хамгаалсан.

 

Ажлын туршлага

Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудад сайн дурын олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирлаар амжилттай ажиллаж байгаль орчны салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Мөн Дундговь аймаг дахь МБОИЗ-ийн салбар зөвлөлийн тэргүүн, Байгаль хамгаалагчдын холбооны сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Хүрээлэн буй орчин, иргэдийг эрхийг хамгаалахаар гаргасан нэхэмжлэл

Цэрэн нь хүрээлэн буй орчин, иргэдийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан байгаль орчны салбарт жишиг болохуйц, стратегийн шинжтэй нэхэмжлэлүүд гаргасан бөгөөд Уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохдоо хууль бус шийдвэр гаргасан захиргааны байгууллагуудын хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулахаар 3 шатны шүүхэд ялалт байгуулан, өнөөдрийг хүртэл 4 тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон байна.

Судалгааны ажил

Тэрээр Ханнс-Зайделийн сангийн судалгааны тэтгэлгийн эзнээр тодорсон бөгөөд тэтгэлгийн хүрээнд “Байгаль хамгаалагчийн эрхзүйн өнөөгийн байдал” сэдвээр 1 жилийн хугацаанд судалгааны ажил хийхээр ханцуй шамлан ороод байна.

Учир нь байгаль хамгаалагчдаас байгаль хамгаалал эхлэх бөгөөд, байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 гаруй хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж байна. Гэтэл байгаль хамгаалагчдыг хамгаалсан хууль эрхзүйн орчин хангалтгүй байгаагаас дээрх хуулиудын хэрэгжилтийг хангуулахад саад бэрхшээл тулгарч, тэдний амь нас эрүүл мэнд, ажил мэргэжлийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзсэн байна.

Тиймээс байгаль хамгаалагчийн ангилал, зэрэглэл, нийгмийн баталгааг дээшлүүлэх, цагдаа, прокурорын байгууллагатай хамтран ажиллахад тулгарч буй бэрхшээл, тэдний эрхзүйн байдлыг сайжруулах үндэслэлийг боловсруулах зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, бодит нөхцөл байдал зэрэг асуудлыг шийдвэрлэхэд суурь судалгааг хийн, тэд хууль сахиулахад тулгардаг эрхзүйн зохицуулалтуудаар гарын авлага боловсруулах юм.