Print logo

Дугуй ширээний уулзалт
Судлаачид Зүүн хойд Азийн геополитик, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв

Зүүн хойд Азийн орнуудын залуу геополитик судлаачид болон шинжээчид Улаанбаатар хотноо цугларч тус бүс нутагт тулгарч буй геополитикийн болон аюулгүй байдлын асуудлуудаар дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Монгол, БНСУ, БНЭУ, ХБНГУ болон БНПУ-ын 30 орчим судлаач оролцсон энэхүү уулзалт долоон сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Зүүн хойд Азийн бүс нутаг болон тодорхой орны геополитик, аюулгүй байдлын сорилт бэрхшээлийг хөндсөн сэдвүүдээр тус бүрт нэг монгол, нэг гадаад судлаач илтгэл хэлэлцүүлж, төгсгөлд нь чөлөөт ярилцлага өрнүүлж тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлохыг эрмэлзэв.

 

Арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн судлаачид хил орчмын бүс нутаг буюу Замын-Үүд хот руу аялж, Чөлөөт худалдааны бүсийн болон хилийн цэргийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах боломж гарсан нь тус арга хэмжээний нэгэн чухал бөгөөд сонирхолтой хэсэг байлаа. Судлаачид Монгол Улсын хил орчмын нутгийн сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудтай биечлэн танилцсанаар тус бүс нутгийн нэгэн орны хилийн аюулгүй байдалд учирч буй сорилтуудын талаар тодорхой ойлголт авлаа.