Print logo

Дугуй ширээний уулзалт
Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу?

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр зохион байгууллаа.

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болсон зөвлөлдөх уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, редакторуудаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Нээлттэй нийгэм форум, Соёл Урлагийн Их Сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн төлөөлөл оролцсон юм.

 

Энэ үеэр криминологич, доктор, дэд профессор Б.Батзориг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэргэжлийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулж,  хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон улсын пактууд, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхүүд, тэдгээрийг хязгаарлаж болох уу, Эрүүгийн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зохицуулалт, хуулийн заалтууд, тэдгээрийн хэрэгжилт, хэвлэн нийтлэх эрх ба эрүүгийн процессын талаар мэдээлэл өгөв.

 

Мөн analytic.mn сайтын эрхлэгч, ХМЗ-ийн Хараат бус зөвлөл Д.Нарантуяа “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа: Ёс зүй ба санхүүжилт” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Илтгэлдээ сэтгүүл зүйн хөгжлийн үе шат, сэтгүүл зүйд тулгарч буй сорилтууд, сэтгүүлч гэж хэн бэ, салбараа хэрхэн цэгцлэх, яагаад мэргэжлийн бус байгаа талаар үзэл бодлоо хуваалцлаа.

 

Уулзалтын төгсгөлд оролцогчид үндсэн сэдэв болох “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” гэсэн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцож, мэргэжлийн ёс зүйгээ дагаж мөрдөхөөс гадна хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг илүү бэхжүүлэх, тогтвортой байлгах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.