Print logo

Сургалт
Байгаль орчны зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага судлах сургалт, уулзалт

Монгол улсад хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчид ХБНГУ-н Айнринг хот дахь Бавар муж улсын Цагдаагийн давтан сургалтын төвд туршлага судлах уулзалт, сургалтад оролцлоо.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч З.Бямбаноров нар хамрагдав.  

Уулзалтын үеэр Бавари муж улсын цагдаагийн давтан сургалтын төвийн захирал Др. Buggisch Монголын цагдаагийн байгууллагатай өргөн хүрээнд, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Мөн Бавар муж улсын эрүүгийн цагдаагийн албаны гадаад харилцааны хэлтсийн  ажилтан ноён Gerko Ernst, хатагтай Jessica Unglaub болон VI -р хэлтсийн мэргэжилтэн Эрүүгийн комиссар ноён Müller нартай хийсэн уулзалтаар хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, мөн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцон, нөхөн төлүүлэх, Герман Монгол хоёр улсын байгаль орчны асуудлууд зэрэг өргөн агуулгатай сэдвийн хүрээнд санал солилцсон нь тус уулзалтын онцлох үйл явдал байлаа. 

Сургалтаар хүрээлэн буй орчинд үйлдэгддэг гэмт хэргийн газар гарын болон ДНХ-н ул мөр, эд мөрийн баримт илрүүлж, бэхжүүлэх зорилгоор хөө, хөнгөн цагаан, поспор гэх мэт нунтаг ашиглан төрөл бүрийн гадаргуу дээрх гарын мөр илрүүлж, бэхжүүлэх, эвдлэх багаж тоног төхөөрөмжийн ул мөрийг силикон хэвний тусламжтай бэхжүүлж авах, ДНХ-н ул мөр бэхжүүлэх хийгээд хэргийн газраас бэхжүүлсэн ул мөр, эд мөрийн баримтыг битүүмжилж, шинжилгээнд явуулахад анхаарах асуудал, шинэ арга технологитой танилцан, лабораторийн орчинд туршиж, судаллаа.  Үүнээс гадна хэргийн газрын байршлыг тогтоох, байршлын зургийг гаргахад ашиглагдах сансрын газрын зураг болон бусад аппликэйшин, сайтууд, зөвшөөрөлтэй холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар харилцан туршлага хуваалцлаа.

Нэмэлтээр муж улсын усан цагдаагийн үйл ажиллагаатай танилцан, усны дээж авах, гол усны бохирдолтой холбогдох гэмт хэрэг, зөрчил, байгаль орчны асуудлыг судлалаа.  

Зургийн цомог