Print logo

Ажлын айлчлал
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болон улс төрийн төлөөлөл ХБНГУ-д

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонгоо, тус яамны хууль зүйн бодлогын газрын дарга Д. Цолмон, УИХ-ын нэр бүхий гишүүдээс бүрдсэн төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Ханнс-Зайделийн сангийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.

Төлөөлөгчид Бавари Бавари муж улсын Хууль зүйн яамны Тамгын газрын дарга, др. проф. Франк Арлот, тус яамны мэргэжилтэн Мартин Райнхард, Мюнхений тойргийн амбан захирагч Кристоф Гёбел, муж улсын Ландтаг-ийн (парламент) гишүүн, Орон нутаг, дотоод аюулгүй байдал, спортын байнгын хорооны гишүүн Петер Томашко, муж улсын Дотоод хэрэг, спорт, интеграцийн төрийн яамны ТНБД, Ландтаг-ийн гишүүн Сандро Кирхнер, муж улсын Ландтаг-ийн гишүүн, Үндсэн хууль, эрх зүй, парламент, интеграцын байнгын хорооны дарга Петра Гуттенбергер, муж улсын Захиргааны хэргийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Андреа Брайт, Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, Европарламентын гишүүн Маркус Фербер, муж улсын ЗГХЭГ-ын дарга, Төрийн сайд Др. Флориан Херман, муж улсын Дээд шүүхийн байнгын хуралдаан даргалагч шүүгч Др. Хартмут Фишер, муж улсын Хууль зүйн төрийн сайд Георг Айзенрайх, Аугсбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүйн профессор, др. Петер Казиске, муж улсын Захиргааны сургуулийн удирдах зөвлөлийн дарга асан др. Юрген Харбих зэрэг албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдыг төлөөлөлтэй уулзаж ХБНГУ-ын зөрчлийн хууль тогтоомж, хариуцлагын төрлүүд, эрүүгийн гэмт хэргээс ялгах, нийтийн хувь журам, аюулгүй байдлыг хангах чиглэлд авч буй арга хэмжээ, зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагааг  цахимжуулах зэрэг сэдвээр санал, мэдээлэл солилцлоо.

 

Мөн талууд Монгол-Баварийн хамтын ажиллагаа, ялангуяа улс төр, эрх зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжуудын талаар ярилцав.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын залуучуудын холбооны ХБНГУ дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт судалгааны бүтээлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож уралдаанд оролцсон залууст амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.