Print logo

Төсөлт хөтөлбөр
“Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль"

 

 

Хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах төслийн хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран 5000 хүүхдэд экологийн боловсрол олгох “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль" төслийн эхний ээлжийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Төслийн эхний ээлжид Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн алслагдсан сургуулиудын 2500 гаруй хүүхэд хамрагдав. Тэд Экологийн боловсролын төвөөр зочилж, танин мэдэхүйн өртөөгөөр аялсан юм. Тухайлбал, “Үрийн аялал”, “Манай музейн амьтад” “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг экологийн танин мэдэхүйн өртөөнөөс гадна ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мэргэжилтнээр удирдуулсан, хүрээлэн буй орчны эрх зүйн мэдлэг олгох “Амьд үлдээгээч” өртөөгөөр аялуулсан нь энэ төслийн нэг онцлог байлаа. Уг өртөөгөөр аялсан хүүхдүүд Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хууль бусаар ан агнах болон Ой хээрийн түймэр тавих гэсэн байгаль орчны гэмт хэргийн төрлүүдтэй танилцан, эдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага тооцогддог болон түүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстойг мэдэж авсан.

 

 

 

 

 

 

Өртөөгөөр зочилсон хүүхдүүд маань байгалийн гайхамшиг, зүй тогтлыг орчинд нь мэдэрч, богино хугацаанд их зүйл сурч, байгалиа хамгаалахын ач холбогдлыг ухаарч, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлснээ сэтгэгдлийн хуудсаар бидэнтэй хуваалцсан юм.

 

 

 

Дүүргийнхээ хүүхдүүдэд энэхүү боломжийг олгосон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон Х.Булгантуяа нарт хамтран ажилласанд талархал илэрхийлье. Тэд энэхүү төслийг Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэнд байгаль орчин, хууль эрх зүйн мэдлэг олгосон чухал ач холбогдолтой болохыг онцоллоо..  

 

 

 

Сан нь 2022 оноос эхлэн Тогтвортой хөгжил, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны эрх зүйн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Энэ чиглэлийн хүрээнд “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль" төслийн эхний ээлжийг 4 сарын 15-аас 6 сарын 15-ныг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулсан бол хоёр дахь ээлжийн 2500 хүүхдийг 9, 10 сард хүлээн авч, экологийн боловсрол олгоно.

 

 

 

Хөтөлбөртэй холбоотой бичлэгийг дараах холбоосоор орж үзнэ үү!

https://fb.watch/dBfwcg65Zu/

https://fb.watch/dBfxBsnSdP/

fb.watch/dBfAWneMEC/

Зургийн цомог