Ажлын хэсэг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн холбогдох агентлаг, хэлтэс, албадын дарга болон албаны бусад хүмүүс, мөн Матад сумын Засаг дарга, ИТХ-ын Ажлын албаны холбогдох албан тушаалтантай уулзалт зохион байгуулж, газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй компанийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэд, малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудлаар санал солилцлоо.
Мөн уг судалгааны ажлын хүрээнд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй компанийн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа Дорнод аймгийн Матад, Халхгол сумын иргэд, малчид болон тээврийн жолооч, газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, ажиглалт хийх, холбогдох баримт бичгийг авч, дүн шинжилгээ хийх зэрэг тоон болон чанарын аргыг ашиглан судалгааны ажлыг зохион байгууллаа.
Түүнчлэн тухайн орон нутгийн тодорхой цэгүүдээс агаар, ус, хөрсний дээжийг авсан бөгөөд мэргэжлийн лаброторийн шинжилгээ хийлгэж, шинжилгээний хариуг судалгааны дүгнэлтэд тусгах юм.